blog

П.Билэгсайхан: Хулмасыг мэс заслын аргаар бүр мөсөн арилгах боломжтой

Идэвхтэй хөдөлгөөн хийхэд болон хэт халуунд байх үед зарим хүмүүсийн суга хэт их хөлөрч, эвгүй үнэр ялгаруулдаг.

Энэ асуудлыг шийдэхийн тулд "Мөнгөн гүүр" эмнэлэг хулмас арилгах мэс заслын эмчилгээг хийж эхэлжээ.

Та бүхэнд "Мөнгөн гүүр" эмнэлгийн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч П.Билэгсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

- Халууцах үед бүх л хүмүүсийн суга хөлөрдөг. Гэхдээ ямар үед эвгүй үнэр ялгаруулдаг юм бэ?

- Хөлөрнө гэдэг бол физиологийн хэвийн үзэгдэл бөгөөд хэвийн хэмжээнээс хэт хөлрөх тохиолдол бий. Түүнийг нь анагаах ухаанд эмгэг гэж авч үздэг.

Хүний биед апокрин, эккрин гэсэн хоёр төрлийн хөлсний булчирхай байдаг бөгөөд апокрин булчирхай биеийн зөвхөн зарим хэсэг байдаг бол эккрин нь биеэр тарсан байдалтай байрлаж байдаг юм.

Түүнчлэн эккрин хөлсний булчирхайн хувьд ялгаруулж байгаа хөлснийх найрлагын 99 хувь нь ус, үлдсэн нэг хувийг менерал буюу эрдэс давс эзэлдэг учраас хэчнээн ч хөлөрсөн үнэр гардаггүй.

Харин апокрин булчирхайгаас ялгарч буй хөлсний найрлага нь органик бодис ялгаруулж байдаг.

Харин тэр ялгарч буй органик бодисыг хүний арьс дээр байрлах нянгууд задлах үед суганаас эвгүй үнэр гардаг. 

Өөрөөр хэлбэл, апокрин булчирхайгаас ялгарсан хөлс арьсан дээрх бактеритай урвалд орж өвөрмөц хурц үнэрийг ялгаруулдаг гэсэн үг юм. Үүнийг л бид хулмас гэж нэрлээд байгаа хэрэг.

Уг нь амьтны хувьд апокрин булчирхай нь чухал үүрэгтэй бөгөөд тухайн амьтан хөлснийхөө үнэрээр эсрэг хүйстнээ татдаг.

Ихэнх хүмүүс хулмасыг бохир, заваанаас болж бий болсон гэж ойлгодог ч анагаах ухаанаар авч үзвэл үнэндээ хулмас гэдэг бол хэт хөлрөх эмгэг юм. Тиймээс хоёр суга адилхан хөлрөх эсвэл нэг талын суга илүү хөлөрч болдог.

Ийм эмгэгтэй болсон хүмүүс бусдаас санаа зовж нууцлахыг илүүд үздэг бөгөөд үүнээс болоод асар их сэтгэлийн хямралд орж, ганцаардмал болох тохиолдол бий.

Энэ нь өөрөө биеэ даасан нэг төрлийн өвчин учраас эмнэлгийн байгууллага анхаарч, эдгээх талаас нь олон шийдлүүд гаргаж ирж байна.

- Сугаа хөлөргөхгүй гэж хүмүүс олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ нь хэр үр дүнтэй байдаг бол ?

- Хэт хөлрөх эмгэгийн эсрэг дэлхий нийтээр гурван төрлийн л арга хэрэглэдэг.

Үүнд:

  • Нэгдүгээрт, Түрхлэг, цацлагууд хэрэглэх,
  • Хоёрдугаарт, Ботокс тарих, 
  • Гуравдугаарт, Мэс заслын арга.

Түрхлэг, цацлагууд маш олон төрөл байдаг гэдгийг хүн бүр мэдэх байх.

Харин ботокс буюу шинжлэх ухааны аргаар гаргаж авсан бодисыг булчинд тарьснаар апокрин булчирхайн үйл ажиллагааг түр хугацаагаар сааруулж, хөлрөлтийг зогсоодог.

Түрхлэг, цацлага хэрэглэж, ботокс тариулахад мэс ажилбар хийлгэхгүй байх давуу талтай ч хулмасыг бүр мөсөн арилгадаггүй. Зөвхөн тодорхой хугацаанд л үйлчилдэг гэсэн үг.

Тухайлбал, Ботоксыг сугандаа 5-6 сарын давтамжтайгаар олон удаа тариулах шаардлагатай байдаг бөгөөд ботокс нь 10-12 сарын хугацаанд л үйлчилдэг гэж үздэг. 

Олон дахин хийлгэсэн ч үр дүн нь насан туршид үргэлжлэхгүй учраас санхүүгийн хувьд ч хохиролтой байж мэдэх юм. 

Харин хулмасыг мэс заслын аргаар бүр мөсөн арилгах боломжтой. Учир нь мэс ажилбараар апокрин гэх хөлсний булчирхайг хусаад авчихаж байгаа хэрэг.

- Мэс засал хийлгэсний дараа суга огт хөлрөхгүй болно гэсэн үг үү?

-  Анх энэхүү хагалгааг Солонгосын гоо сайхны эмнэлгүүд манай улсад нэвтрүүлсэн. Би энэ хагалгааг 2015 оноос хойш хийж байгаа ч үр дүнг нь насан туршид үргэлжилнэ гэж бодож байна. 

Зарим тохиолдолд их олон жилийн дараа авахуулсан булчирхай нөхөн төлжиж дахин ургах магадлалтай гэж үздэг ч хүн цаг хугацааны явцад хөгшрөхөд хөлсний булчирхайнуудын үйл ажиллагаа нь ч дагаад буурдаг. 

Тиймээс хэрвээ апокрин булчирхай олон жилийн дараа нөхөн төлжсөн ч үйл ажиллагаа нь буурсан байх учраас тийм ч ихээр хөлрөхгүй гэсэн үг.

Миний хувьд сугаа дахиж хөлөргөхгүй болгох хамгийн шилдэг арга мэс засал гэж бодож байна.

Гэхдээ цацлагаботокс хэрэглээд урт хугацаандаа эдгэрэхийг үгүйсгэхгүй ч яг энэ мэс заслыг хийлгэхээр ирсэн хүмүүс бүгд л цацлага хэрэглэж, ботокс тариулаад туршчихсан байдаг.

Судалгаанаас харахад энэ төрлийн мэс засал 95 хувь амжилттай болдог. Үлдсэн 5 хувьд нь давтан хагалгаа хийх эсвэл тусгай шарлагатай хавсруулах нь үр дүнтэй.

- Тэгвэл мэс засал хийлгэсний дараа ямар нэг хүндрэл гардаг уу? 

- Бүх хагалгаа их, бага хэмжээний эрсдэл дагуулж байдаг.

Энэ хагалгааны хувьд зарим хүмүүсийн шарх удаан эдгэрэх, арьсны өнгө өөрчлөгдөж бараан болох гэх мэт өөрчлөлт гарч болдог.

Харин мэс заслын дараа эдгэрэлтийн хувьд тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж янз бүр байдаг.

- Мэс засал хийлгэсний дараа сорви үлдэх үү. Эмэгтэйчүүдийн хувьд аливаа хагалгаа хийлгэхэд хамгийн их санааг нь зовоодог асуудал бол сорви шүү дээ?

- Мэс засал хийлгэхээр ирж буй ихэнх эмэгтэйчүүд "Зуны халуунд нимгэн хувцас өмсөөд явахаар эсвэл сугаа дээш өргөхөөр мэс ажилбарын сорви харагдах уу" гэж санаа зовж асуудаг. 

Ер нь хүний биед зүслэг хийхэд заавал сорви үлддэг. Сорви үлддэггүй мэс ажилбар гэж байхгүй.

Гэхдээ бид үйлчлүүлэгчийнхээ гоо сайхныг хамгаалж үлдэхийн тулд суганы арьсны нугалаасны дагуу зүслэг хийдэг. Ингэснээр зарим хүмүүсийн сорви мэдэгдэхгүй болдог.

-Хулмас халддаг уу. Урьдчилан сэргийлэх боломж бий юу?

- Апокрин булчирхайн хамгийн идэвхтэй ажилладаг үе нь шилжилтийн нас.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн апокрин булчирхай огт ажиллагаагүй байж байдаг гэсэн үг.

Хэт хөлрөх төрөлхийн эмгэгтэй бол шилжилтийн нас явагдаж дууссан ч байнгын хөлөрдөг хэвээрээ л үлддэг.

Зарим хүмүүсийн хувьд хувцсаа сольж өмссөнөөс хулмастай болох тохиолдол бий.

Хувцас сольж өмссөний улмаас хулмастай болно гэдэг нь апокрин булчирхайг задалдаг бактери хувцсаар дамжих л үйл явцыг хэлээд байгаа юм.

Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд хүнтэй хувцсаа солихгүй байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

Мөн шилжилтийн насанд хэт их хөлрөөд үнэр гарах гээд байвал бактерийн эсрэг савангаар сугаа угаах нь зүйтэй. Ингэхдээ суганыхаа үсийг байнга авч байх ёстой. 

Учир нь хэт хөлрөх үед суганы үсэнд органик бодисыг задалдаг бактериуд удаан хугацаагаар байх чадвартай.