blog

Мөнгөн гүүр эмнэлэг "Монголын анагаах ухаанд технологийн дэвшил" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав

"Эрүүл Монгол иргэн-Эх орны баялаг" уриатайгаар тус эмнэлэг нь дүрс оношилгоо, гэмтлийн болон ерөнхий мэс заслын яаралтай  тусламж, эмэгтэйчүүдийн мэс засал, дотор, мэдрэл, эмнэлзүйн нэгдсэн лаборатори, сэргээн засах эмчилгээ, ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, урьдчилсан сэргийлэх үзлэгийн төв, мэдээгүйжүүлэг, эрчимт, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг олон чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлж “Мөнгөн Гүүр”-2022 “МОНГОЛЫН АНАГААХ УХААНД ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ” хурал нь Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн  салбар хоорондын  уялдаа холбоо сайжруулах, харилцан ойлголцол, туршлагыг солилцох зорилтын хүрээнд   эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт арга технологид суурилсан оношилгоо, эмчилгээ, мэс заслуудын талаар судалгаа шинжилгээ, кейс илтгэлүүдийг  танилцуулсан нь тус хурлын онцлог байлаа.

Энэхүү хуралд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, УНТЭ, УХТЭ, ШУГТЭ, ЭХЭМҮТ, Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Натул эмнэлэг, ЭМЖЖ эмнэлэг, Амгалан амаржих газар, Сөүл эмнэлэг, Архангай аймгийн Хасу Манал Ар эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төв, Монгол угсаатны удмын сан судлалын хүрээлэн, Гэгээн манал эмнэлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгүүдээс 120 гаруй зочид төлөөлөгч оролцож, 45 гаруй судалгааны бүтээл, эмнэлзүйн тохиолдол ирүүлснээс 20 илтгэл хэлэлцүүлж тэргүүн болон дэд, тусгай байруудыг шалгарууллаа.

Хурлын “Хүндэт хүндэт шүүгч”-ээр:

  • Д.Гантуяа /Анагаах Ухааны доктор/
  • Ү.Санчин /Анагаах Ухааны доктор, Клиникийн профессор/
  • Т.Ариунтуяа /Нийгмийн эрүүл мэндийн доктор/

Хурлын даргаар:

  • Б.Төмөрбаатар “Мөнгөн Гүүр” эмнэлгийн Ерөнхий мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Клиникийн профессор
  • Ө. Хашхүү “Мөнгөн Гүүр” эмнэлгийн Гэмтэл тархи нуруу, нугасны мэс заслын Зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч,  Клиникийн профессор, Сүхбаатарын одонт,  
  • М. Алтанхуяг “Мөнгөн Гүүр” эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн захирал, АУ-ны магистр, ахлах зэргийн эмч
  • Г.Номуундарь “Мөнгөн Гүүр” эмнэлгийн Сургалтын албаны дарга, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, АУ-ны магистр зэрэг багш,  эрдэмтэд оролцож  хуралд тавигдсан илтгэлүүдийг хэлэлцүүллээ.

Хурлын илтгэлүүдээс:

  • Монгол Улсад анх удаа “Хүний гений дарааллыг бүрэн тодорхойлсон судалгааны үр дүн” Ж.Амарсанаа,  /Монголын Элэгний Эмгэг судлалын холбооны тэргүүн,  Анагаах Ухааны доктор, Клиникийн профессор, Ази Номхон далайн орнуудын Элэгний Холбооны зөвлөх эмч/
  • БНСУ-н Медикал Ай Пи технологийн компанийн “Medical imaging solutions based on AI”-Хиймэл оюун ухаанд суурилсан 3D принтерийг дүрс оношилгоонд сургалтын хэлбэрээр ашиглах технологи,
  • “Мөнгөн Гүүр” эмнэлгийн  сэргээн засах эмч Г.Удвалын Робот систем бүхий өндөр эрчимтэй лазер аппаратын  /High intensive laser/  өвдөлт намдаах эмчилгээний үр дүн сэдэвт илтгэлүүд онцгой анхаарал татаж байлаа.

Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс:

Тэргүүн байр:

Б.Базарсүрэн /ЭХЭМҮТ, Эх барих эмэгтэйчүүдийн эмч/

Жирэмсний эхний гурван сард ургийн хромосомын гажгийн эрсдэлийг үнэлэх инвазив бус пренатал тестийн шинжилгээг уламжлалт хавсарсан илрүүлгийн аргатай харьцуулсан судалгаа

Дэд байр:

М.Амгаланбаатар / Мөнгөн Гүүр эмнэлгийн Зүрх судасны мэс заслын эмч/

Доод мөчний өнгөц вений бүдүүрлийг судасны хэт авиан  хяналттай хавсарсан флебэктоми мэс заслаар хийж буй үр дүнгээс

Тусгай байр:

С.Нямсүрэн /ШУГТЭ-ийн Зүрх, судасны мэс заслын эмч/

Цусны зохиомол эргэлтийн гүн хөргөлтийн нөхцөлд цусны эргэлтийг бүрэн зогсоож тархины сонгомол перфузийн дор гол судасны мэс заслыг нэвтрүүлсэн нь илтгэлүүд  тус тус шалгарлаа.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Улсын болон хувийн эмнэлгүүд  шинэлэг технологид суурилсан эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг худалдаж авч чадаж байгаа боловч Өндөр технологийг бий болгоход маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй төдийгүй  тэдгээрийг ажиллуулах эмч, мэргэжилтэн, инженерүүдийн мэдлэг ур чадварыг тасралтгүй сайжруулах шаардлага тулгарч байна.

Түүнчлэн шинэ технологиудыг нэвтрүүлэх, ашиглахад шаардлагатай гол суурь бол BIG DATA- буюу үйлчлүүлэгчдийн  нэгдсэн мэдээллийн сан, түүний нууцлалыг ханган хэрхэн аюулгүй, байдлаар ашиглах тогтолцоо одоо л дөнгөж яригдаж, эхлэл төдий байна.

Цаашид Мөнгөн гүүр эмнэлэг  нь судалгаа шинжилгээнд суурилсан бүтээлүүд, шинэ эмчилгээ оношилгооны арга туршлагаа  үргэлж хуваалцаж, дэлхийн түвшинд хүрч ажиллахын тулд илүү хичээж, тасралтгүй суралцаж, Монгол Улсынхаа Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах болно.