blog

Үрийн хоолойн шалтгаант үргүйдэл

Үрийн хоолойн шалтгаант үргүйдлийн үед эр эм бэлгийн эс уулзаж үр тогтох боломжгүй болох, үр тогтсон үр хөврөл гуурсан хоолойгоор дамжин умайн хөндийд орж ирж чадахгүй байхыг хэлнэ. Эмэгтэй шалтгаант үргүйдлийн 25-35% нь үрийн хоолойн гуурс битүүрлээс шалтгаалж байна.

Үрийн хоолой гэмтэх битүүрэх шалтгаан юу байх вэ?

Үүсч буй шалтгаан нь:

  • Халдварт өвчнүүд
  • Аарцгийн хөндийн үрэвсэлт өвчнүүд
  • Умайн гаднах жирэмслэлт
  • Дутуу төрөлт
  • Үр хөндөлт
  • Эндометриоз зэрэг багтдаг.

Түүн дотроо хламид, заг хүйтний халдварын дараа гуурсан хоолойн наалдац битүүрэл үүсгэдэг нь тогтоогдсон.

Эмэгтэйчүүд онцгой шинж тэмдэг илрээгүй л бол эмэгтэйчүүдийн эмнэлэгт тэр бүр ханддаггүй, дур мэдэн эмчилгээ хийж аливаа үрэвсэлт өвчнийг даамжруулдаг нь хүндрэл үүсч үрийн хоолойг гэмтээх, наалдац үүсэх шалтгаан болдог.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Үрийн хоолойн шалтгаант үргүйдлийн гол шинж тэмдэг нь жирэмсэн болохгүй байх юм. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд үргүйдлийн эмчид хандаж оношлуулахаас өмнө үрийн хоолойн шалтгаант үргүйдэлтэй гэдгээ мэддэггүй.

Түүнээс гадна үргүйдлийг дагалдан хэвлийн архаг өвдөлт зэрэг аарцгийн хөндийн үрэвсэлт өвчний шинж тэмдэг хавсарч илэрч байвал үрийн хоолойн шалтгаант үргүйдэл байх магадлалтай.

Яаж оношлох вэ?

Үрийн хоолойн үргүйдлийг оношлоход тодосгогч бодис ашиглан үрийн хоолойн рентген зураг авах болон дурангийн мэс ажилбар гэсэн хоёр шинжилгээг ашигладаг.

Эхний шинжилгээ нь рентген гэрлийн тусламжтайгаар тодосгогч бодис умайн хөндийгөөр үрийн үрийн хоолой руу даралттай шахаж битүүрсэн болон нарийссан хэсгийн зургийг авч оношлодог.

Анхаарах зүйл нь үрийн хоолой битүүрээгүй хэдий ч дотор хана сорвижих үйл ажиллагаагаа алдсан эсэхийг энэ аргаар оношлох боломжгүй байдаг.

Дурангийн мэс засал нь хүйсний нүхээр нарийн дуран оруулж үрийн хоолойг харж оношлодог арга ба үрийн хоолойн битүүрлийг шалгахдаа тодосгогч бодисыг умайн хөндийд шахан рентген аппаратны хяналтад үрийн хоолойг шалгадаг.

Хэрхэн эмчлэх вэ?

Үрийн хоолойг нөхөн сэргээх мэс ажилбар хийж болох ба энэ нь үрийн хоолойн битүүрэл аль хэсэгт байгаагаас хамаарч үр дүн ялгаатай байдаг.

Мэс ажилбарыг хийгээд амжилтгүй болвол үр шилжүүлэн суулгах эмчилгээг санал болгодог. Эмэгтэйн нас, төрөлтийн тоо, үрийн хоолойн наалдцын зэргээс шалтгаалан мэс засал хийлгүйгээр шууд үр шилжүүлэн суулгах ажилбарт орж болно.

Мөн үрийн хоолойн төгсгөлийн битүүрлээс шалтгаалан тохиолддог гидросалфинкс буюу үрийн хоолойд шингэн хуримтлагдах нь үр шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнд нөлөөлдөг. Энэ үед лабораторийн орчинд үр тогтоосон үр хөврөлийг урсгах аюултай байдаг учир бид урьдчилан үрийн хоолой авахуулах мэс ажилбар эсвэл шингэн соруулах ажилбарыг зөвлөдөг.

Эмэгтэйчүүдэд хандаж зөвлөх нь:

Хосуудаад хандаж хэлэхэд хэрэв та 1 жилээс дээш хугацаанд тогтмол бэлгийн харьцаанд байгаад жирэмслэхгүй бол манай төвд хандаж үргүйдлийн шалтгааныг тодруулах шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд нөхөн үржихүйн нас гэдэг маш чухал учир хугацаа алдалгүй мэргэжлийн байгууллагад хандаарай гэж зөвлөе.

Эрүүл монгол иргэн - эх орны баялаг

Цаг авах лавлах утас: 7708-0303

Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол Саппоро үйлчилгээний төвийн хойд талд, Энхтайваны өргөн чөлөө "МӨНГӨН ГҮҮР” ЭМНЭЛЭГ"